Цагаан сар /Сурвалжилсан тэмдэглэл/

Улаанбаатар хот-Үзэсгэлэн болгогч усан Туулай жил
Шинийн нэгний өглөө аав ээж болон өвөөгийндөө очиж золгохоор эртлэн босч яаравчлан хөдөллөө. Булган аймгийн Гурванбулаг сум руу хүлгийн жолоо татахаар төлөвлөсөн юм.
Аавын гэрт орохоос авхуулаад гарах хүртэл танил дотно мэдрэмж тасралтгүй хөвөрнө. 
Тавагтай идээ, тахилын ширээ, дурсамж яриа, дулаан уур амьсгал гээд л сүүлийн хэдэн жил нижгэр тэмдэглээгүй хамаг Монголын цагаан сар айл хотод ийнхүү эхэллээ. 
Дараагийн айл болох өвөөгийндөө золгохоор очтол түм түжигнэж, бум бужигнаж байхтай таарав. Том өрөөнд дөнгөж саяхан жигнүүрээс гарсан амттай халуун буузны үнэр ханхлан, баярын ширээ тойрсон томчууд элдвийг хөөрөлдөхөд хуучны дурсамж сэргэнэ. Харин унтлаганы өрөөнд хүүхдүүд хуваарьлагджээ. Тэд ч бас жижигхэн амандаа бууз чихэн нас насны ангиллаараа хуваагдан тоглоцгооно. Гэхдээ монгол наадгай биш, эвлүүлдэг дүрс, барби, машин ч биш. Тэд зөвхөн гар утсаар л тоглож хоорондоо ойлголцож байлаа. "Хүүе цайгаа уугаарай, хүмүүстэй очиж золгоорой" гээд л ээж аавууд нь дугараад л, дуудаад л."Одоохон дууслаа. Байж бай л даа ээжээ,ааваа "Хүн үхэх гээд байхад чинь" гэж уурлаж, гомдоллохын голоор хашгирах найм есөн настнууд эгээ л том хүн шиг аашилна. Баярын сайхан уур амьсгал хойд өрөө рүү шагаймагц л алга болчих шиг санагдлаа. Нэмээд харааны шил зүүсэн хүүхдүүд байх нь бүр ч гуниг төрүүлнэ...Өвөөгийнхөөс гараад явлаа.
Үндэсний хувцсаараа гоён гудамжаар алхах хүмүүс энэ өглөө цаанаа л нэг омогшил, бахархал төрүүлнэ. Машины цонхноос нүдээ ч салгалгүй дээлтэй хүн бүрийг хараад л баймаар… Гадаах хүмүүсийн тоо цөөрсөөр, нэг мэдэхэд бид хотоос гарсан байлаа…Булган аймаг- Гурванбулаг сум 
Үд хэвийжээ. Хотын дугаартай машинууд сумын төвөөр холхиж харагдана. Хөдөө байдаг ээж аав, элгэн садан дээрээ ирж шинэлэн золгож байгаа нь энэ. Бид ч тэдний адил эмээгийн гэр лүү яаран хурдална. Цэвэр агаар, дулаахан гэр. Дүүрэн хүнтэй таван ханатад том жижиггүй золгоцгоон айраг, хөөрөг зөрүүлцгээнэ. Буузаа хүлээнгээ хууч хөөрөн суутал хүүхдүүд малгай толгойгоо ундуй сундуй дугтуулан яаран гарцгаах нь тэр. Хаашаа явж байгааг үл мэдэх ч их л баяр хөөртэй гүйлдэн одлоо... Хол замд ядарсандаа ч тэр үү, бие чилж, нүд анилдана. 
-Хойд энээний айлууд баян юм байна лээ. Чи тийшээ орсон уу?
-Би Галсан гуайнх руу орсон. Тэднийх бүр таван мянган төгрөг өгч байна лээ.
-Пөөөөх. Тэгвэл тийшээ явцгаая...
Орны доор өрнөсөн жижигхэн хүмүүсийн яриа намайг сэрээв. Томчуудаас тусдаа тасалгаа бүрдүүлж байгаа нь энэ аж. Хот, хөдөөнөөс ирсэн бүх л хүүхэд өглөөнөөс орой болтол сумын төвийн айлуудаар хэснэ. Жилдээ ганц удаа товхийсэн орлого олдог баяр нь цагаан сар юм гэнэ. 
Орой нь өлсөж, ядарсан хүүхдүүд орлогоо тоолохоор нүд нь гялалзсаар гүйлдэн ирцгээв. 
-Би дөчин мянган төгрөг цуглуулсан. Чи хэдэн төгрөг цуглуулсан бэ? 
-Тавин нэг, тавин хоёр, тавин гурав,тавин дө-рөв... 
Цар тахал хөл хорионы дараах сар шинийн баяраар хүүхдүүд Гурванбулаг сумын төвөөр гар утас үзэх завгүй гарч орсоор хөгжилдөнө.









Comments